Элдэв дэмий юм бичих нь цагийн гарз.

Цагаа гарздан барин ингэж суудаг над шиг хүн дэлхий дээр хэд байгааг мэдэх боломжгүй. Гэхдээ манай гариг дээр амьдарч байгаа 7-н тэрбум хүнээс лав хэтрэхгүй нь мэдээж. 
Зарим нь нийтэд хүргэх гэж, зарим нь зөвхөн хэн ч мэдэхгүй өөрийн ертөнцөө өөртөө бичдэг. Мөн зарим нэг нь өдрийн тэмдэглэл хэлбэрээр, зарим нь бусдад зориулаагүй өөрийн бичсэнээ "хүн таалах албагүй, энэ миний ертөнц" гэх мөртлөө нийтийг уншаасай гэж нийтэлдэг. Төрөлхийн зохиолч болох хүсэлтэй хүн ч бий. Шинэ үеийн зохиолчдод сэдэв ховор болждээ. Элдэв гаж хэллэг, содон хэлбэрээр бичиж байгаа хэдий ч үндсэн утга санааг нь хэдийнээ хэн нэгэн түрүүлээд хэдэн мянган, хэдэн зууны өмнө тэрлэчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Сайн уншихгүй бол бодож олсон сайхан санаа нь хэн нэгний хэдийнээ биччихсэн зүйл байвал яах вэ? Хэзээ ч дуусашгүй дотоод мөн чанарлуугаа эрэл хайгуул хийсэн сэтгэлгээний талаасаа бичих нь орчин үеийн уран зохиолын нэг онцлог юм шиг. Энгийн юм хэзээ ч байдаггүй. Аливаа бичигдсэн зүйл ч энгийн байх боломжгүй. Зохиож л байгаа учраас хэн нэгэнд таалуулах, үгүй юм аа гэхэд өөртэй тааламжтай байлгах гэж бичдэг учраас энгийн байна гэдэг эргэлзээтэй. Эцэст нь мөнхийн сэдэв хайр дурлалыг юутай ч хамаагүй зүйрлүүлэн уран яруу үгийн цэцэрхэл, бахдалыг гайхуулсан үгийн чуулган бүтээх нь ч бий. Хязгааргүйн тухай төсөөлөл гэвэл хүний бодлоос ундрах эцэс төгсгөлгүй зүйрлэл, эзэнгүй гуйланчлалын орон биз ээ. Хэн мэдэхэв. Бичих нь тэгээд хэнд хэрэгтэй юм бэ?

Хэнд ч хэрэггүй нь бий, ахуйн талаасаа хэрэгтэй нь ч бий. Тэгвэл цадаж ханадаггүй сэтгэлийг хооллох юм гэж юу байна аа. Дутуу байгаа тэр хэсгээ унших , эсбэл бичих байдлаар дүүргэдэг байхыг үгүйсгэхгүй. Зугаацаж, таашаах зүйл мундсан биш цаддаггүй өлөн байдлаа юугаар ч тэтгэж болно шүү дээ. Цэвэр дурнаас бүх зүйл хамааралтай өгсөж уруудна. Нэг хэсэг нь, бичих нь миний үүрэг мэт ойлгон амьдралаа зольж байхад, нөгөө нэг хэсэг нь, унших нь миний цаашдаа хөгжих үндсэн боломж мэтээр хардаг тал ч бий. Мэдэх гэж унших, таашаах гэж унших гэсэн хоёр талтай. Үүнийг үйлдэн бичигч нарт хоёр л зам бий. Мэдүүлэх гэж, таашаагдах болон өөрөө таашаах гэсэн зарчимтай. Эдгээрээс өөр зорилгоор бичдэг хүн гэж бий юу?

Мөн элдэв юм унших нь цагийн гарз. Тиймээс цагаа дэмий юманд үрэхийг хүсдэггүй, бас эрмэлздэг бол уучлалт хүсье. Хангалттай цаг завтай хүмүүст зориулав. (Бичсэн би ч багтана, уншсан та ч багтана :-р)

No comments:

Post a Comment