Жиргээ шувуу

Өндөр уулын орой дээр салхи сөрөн зогсоно. Уулсын оргилыг цээж дүүрэн амьсгаа аван, салхины өөдөөс нүдээ сүүмийлгэн ширтэх ахуйд сэтгэлд нэгэн хүсэл ирьюү. Сэтгэл та болгоогтун, бие махбодь та болгоогтун. 

Монгол эр хүн уулын орой дээр сарих нь зүйд нийцэхгүй тул тэвчиж болгооно уу. Сүрлэг сайхан мэдрэмжээ таслан доош яаран бүдчин оргилоос хэсэг нам доор газар ирэн салхины чиг дагууд бие юугаан хөнгөлөв. Салхи хэтэрхий хүчтэй байсан тул зарим нэгэн дуслууд сэржим өргөх мэт холын холд цацлан айсуй. Эргэж богцоо авахаар дээш мацах зуураа өртөөлөн өгсөж байсан хадан дээрээ хальт гишгэн өвдгөндөө эрхий хурууны чинээтэй хэлтэрхий чулуу шаачихлаа. Нэгэн зэрэг цээжний гүнээс уурлах, айх хоёр зэрэгцэн ундраад нүдээ тас анин, улаан хоолойныхоо хөвчийг хоёр хананд нь савлуулж чадах чинээгээрээ барьхирлаа. Цуурайнаас өөр сонсох эзэн байхгүй тул хэсэг орилож байгаад нүдээ нээн өвдгөө харлаа. Гараа чичигнүүлэн шархандаа ойртуулж, шаасан чулууг шүд зуун байж мулт татаж авже. Яс цуулан орсон бололтой бүх л биеийн арьсан доогуур тэвчишгүй ихээр өвдөлт мэдрэгдэн, тэсэхэд ч бэрхээр хамаг яс нь янгинаж байлаа. Энэ л дутаж дээ гэсэн янзтай авсан чулуугаа хол шидэж орхив. Чулууны оромноос цус олгойдон урслаа. Ямар нэгэн муу зүйл бодолгүй, догонцоод ч болсон хамаагүй богцоо авах хэрэгтэй гэж бодсоноо, ер нь цус их алдвал тамир алдаж мэднэ гээд гадуураа өмссөн хүрэмнийхээ дотроос хэсэг даавуу ханзлан аваад боолт хийв. Хүрэмний доторх даавуугаар боож дуусав уу үгүй цус цаанаас нь нэвчинэ. Хамаг чадлаа шавхан зүүн хөл дээрээ догонцон бослоо. Нэр хугарахаар яс хугар гэдэг боловч энэ удаад нэр хугарсан нь дээр мэт санагдава. Тэвчээрийн хязгаарыг минь сорьж байгаа юм шив дээ гэж зориглон газар хоёр гараараа тулан, зүүн хөлөөрөө түлхэн дээш мацлаа. Шүтлэгтэн биш ч тэрээр бурханыг юу юунаас илүү хань татна. Найдварын галыг өрдөгч эзэн гуай энэ удаад өөр ажилтай бололтой. Гэсэн хэдий ч амандаа “Бурхан минь, ижий минь” гэж гиншсээр оргил өөд гараад авлаа.

Богцруугаа дөхөн ирээд хэсэг дээш харан тэрийн хэвтэв. Энэ оргил өөд анх авирч гарч ирсэнээсээ илүүтэйгээр тамирдаж, сульдсан байлаа. Цээжинд нь амьсгаа нь чихэлдэн, хамаг бие нь зовиураар дүүрч бүхий л сэтгэл зүрх нь шантарав. Учир нь одоо эндээс доошоо бууна гэдэг салхинд туугдан ирж буй бүрхэг үүл мэт, төгсгөлгүй үргэлжилсэн урт зам түүнийг хүлээж байгаа. Ганц нэг тэнгэрийн сэржим нүүрэн дээр нь буулаа. Бороо орох нь алгад гэж. Яаран өндийн, богцоо шүүрэн аваад доош буухаар завдлаа. Ширүүн бороо цутгах бололтой, түргэвчлэхгүй бол энэ янзаараа амьд доошоо бууна гэдэг хэцүү гэсэн бодол эзэмдэх үед түрч болов өвдөлтөө умартан хоёр хөлөөрөө хэд гишгэлэн сөхөрч уналаа. Зүхлийн бүх л үг цээжинд нь оволзон, шүд зуун эргэн босож ирээд, ойр хавиасаа тулчихмаар мод хайв. Энэ байдлаараа догонцон буувал бүдэрч унаад энэнээс илүү аюулд орж мэднэ гэсээр орчиноо сайтар ажиглалаа. Хэд алхмын цаана өгөршсөн боловч тулчихаж болмоор барьцтай мод харагдав. Уулсын оргилыг илэх эрчлээ салхи мань эрийг займчуулан тууна. Таталзан очоод модыг шүүрч аван доош бууж эхэллээ. Маргаашийн төлөвлөгөө ч өнгөрөө шив дээ гэж бага зэрэг сэтгэл дундуур байсан хэдий ч өвдөлтийг нь умартуулж дөнгөхгүй байлаа. Боолтоор нь цус шүүрсээр л. Гэнэт толгой нь эргэж байгаа мэт мэдрэмж төрөн, алхсан замаа эргэж харангаа доош хөлөө харна. Зам татуулан түүний цус савирсан байна. Хэтэрхий их цус алдаж, доош бууж амжилгүй үхвэл яана! Үгүй дээ би хувьтай хүн учир тийм зүйл байж болохгүй. Өөрийн гараар бүтээсэн амьдралаа ийм хямдхан алдана гэж үү. Ухаан балартаж эхлэх үесд “Монгол хүн уулсын оргил дээр сарьдаггүй юм шүү хүү минь” гэж нутгийн өвгөний хэлсэн санаанд нь оров. Түүнээс болсон шийтгэл нь энэ юм болов уу гэх мухар бодол толгойд нь бууж, өмдөндөө асгаад ч хамаагүй нам газар очин хөнгөрөх минь яав даа гэж өөрийгөө зүхэв. Бороо хүчтэй гэгч нь цутгаж эхэллээ. Хэдхэн мөчийн өмнө тэртээ хол харагдаж байсан үүлс яахаараа ийм хурдан наашилдаг байна аа. Хэлц уламжлалаас болж ингэнэ ч гэж юу байхав. Миний л болгоомжгүйнх тэр. Энэ зүгээр л миний төсөөлөл. Муу юм бодох тусам улам л дордоно. Ядаж байхад энэ бороог дээ. Тиймээс өөдрөг байх хэрэгтэй.

Тамир нь улам ихээр барагдаж сөхөрч уналаа. Ядаж доор харагдаж байгаа модтой хэсэгт хүрчихвэл модны нөмөр бараадан бороо намжихыг хүлээвэл ... Даарч байх чинь, хүйтэн борооных уу, эсбэл би үхэж байна уу? Хацрыг нь нулимс даган урсаж эхэллээ. Нэгэнт өнгийх тамиргүй болсны дээр тэрээр өвдөлтөө ч мэдрэхээ байже. Урагш удаан боловч зүтгэсээр. Уулын уруу мөлхөж байгаа учир хамаг цус нь толгой өөд юүлэгдэн тархинд нь халуу дүйв. Багадаа жаргалтай байсан үе, сургуулиа төгссөн, тэр нэгэн танихгүй эмэгтэйн үнсэлт, явахын өмнө үдэж өгсөн эхнэр, үр хүүхэд гэх мэт сэтгэлд дулаахан бүхэн нь торойн орж ирж, хамаг чадлаараа чарлан уйлж “Үгүй ээ..” гэж орилсоор. Нэгэнт газар шалба норсон, өөрөө шалба норсон тул аажмаар доош гулсаж байв. Уул, хадархаг байсан учир зарим нэгэн жижиг чулуунд цээж хэнхдэг нь ярагдах нь чухал зовлон биш болжээ. Шалбааган зам татуулан мөлхсөн мөрөөр нь цусан зам үлдэх боловч ширүүн бороон дуслууд араас нь эрчимтэй цэвэрлэгээ хийн тууна. Нус, нулимстайгаа хутгалдан дайнд галын фронтын шархадсан цэрэг мэт, улхайсан царайнаас нь нулимс, бороон дуслын алийг нь ялгахад бэрх болже. Анхлан оргил өөд гарсан ягаа бутарсан царай нь цонхийн цайжээ. Аажимаар ухаан нь балартан нүд аньлаа. Аньсан нүдний цаана үхэхийн өмнө дүгнэлт хийх хугацаа олгон зүрхний цохилт нь хол хол зайтай лугшилт өгсөөр.

Хамаг зүрх сэтгэлээ зориулсан амьдрал маань надад ийм хямдхан үхэл бэлэглэлээ гэж үү. Миний аз жаргал юу байсан юм бэ? гээд эцсийн мөчид бодоод, бодоод юу ч олсонгүй. Сайхан гэр бүл, сайхан бүхэн минь ердөө энэхэн мөчид яагаад адгасан их шуналыг тээхгүй байгаа юм бэ? Миний мэдэх хамгийн танил бүхэн надаас хөндий байже. Амьдралд, тэр дундаа бүхний өмнө яагаад өртэй юм шиг өөрийгөө зовлонд унаган амьдардаг байсан юм бэ? Бүхий л зүтгэлээрээ амьдрах хэрэг байсан гэж үү? Би ... би өөрийнхөөрөө амьдарч чадаагүй юм байна. Миний өөрөөрөө байх бүхий л зүйлийг амьдрал надаас хулгайлчихсан байж. Үгүй ээ, би өөрөөсөө бүхий л амьдралаа хулгайлчихсан байж. Би өөрийн хэн ч халдашгүй байх дотоод оройн зайн хязгааргүйн гүн лүү биш орчлон ертөнцийн оргил өөд тэмүүлсээр сохорчихсон байсанаа яагаад анзаарсангүй вэ. Орчлонгийн үнэ цэнэ одоо л түүнд байна. Энэ дэлхийд хүүрээ үлдээх хэдхэн мөч түүнд байгаа хэдий ч хэдхэн хоромын хугацаанд амьсгалах агаар хүртэл сайхан байх аже. Шавар шавхайнд хутгалдсан, цонхийсон нүүрэнд нь бүдэгхэн инээмсэглэл тодроод бүрэн амь тавьлаа. Бороо үргэлжилсээр, бөөн бөөн үүл ар араасаа хөвөрсөөр. Түүний цогцос доош гулсан явсаар жижигхэн ургаа хаданд тээглэн зогслоо. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй эцэс төгсгөлгүй ширүүн бороон дундуур жижигхэн жиргээ шувуу нисэн айсуй ...

(2003. 2010.10.11)

No comments:

Post a Comment