Хоосон

Автобуснаас буугаад бие биенрүүгээ хоромхон төдий боловч гунигтайхан ширтээд хоёр тийшээ салсан. Унаа хөдлөхөд дотор байсан би удаан хүлээсэн галт тэрэгнээсээ хоцорсон юм шиг сэтгэл биегүй, хэлбэргүй. Энэ нь төгсгөл хэсэг... Автобусанд, эмэгтэйн царайнд сэтгэл хөдлөл үл мэдэгдэх хэдий ч гунигтай, эрэгтэй нь аргадсан харцтай боловч юу ч үл илэрхийлнэ. Бүсгүй нулимсаа тэвчиж байгаа нь илт, гэсэн ч уйлж байлаа. Залуугийн өөдөөс эгцлэн харж байгаа боловч хоёр гараараа нүүрээ дарчихсан юм шиг, залуугийн ам үл хөдлөх хэрнээ асуулт асуусаар. Дүрэлзэх сэтгэлийн их хүсэл, хяслаа хумиж хармаалчихаад ил гаргахаас зүрхшээнэ. Залуу хэсэг нүдээ аньсан. Тэр гуйж байна. Түүнээс, бурханаас, өөрөөсөө дахин дахин нэхнэ. Гэрлэн дохио. Улаан, шар, ногоон. Тайвшрал хүснэ, гэсэн ч одоо үгүй. Эмэгтэй цонхоор харна. Бүү урсан өнгөрөөч, яг одоо, яг одоо л би хүлээж байна шүү дээ, би чадахгүй нь, чи? Залуугийн харцнаас ирэх тэр л гүн анирыг өөртөө бүгдийг нь уусгаж аван, эргүүлэн өөрийн харцнаас түүнд гүн бодлын эрчлээг илгээнэ. Буудал. Хаалга тийш ойртон шатаар буух үед залуу эмэгтэйн тохойноос түшнэ. Битгий! Үүрд түшээч гэсэн ил гараагүй хүсэл, харц хоёрыг залуу араас нь харсангүй. Эмэгтэйн алхаанд долгиолох сэтгэлд шингэх анхилам үнэрт түүний намираа үсийг ахин ойроос харахгүй гэсэн харууслын харцны бүрэн ялагдлыг бүсгүй мэдсэнгүй ... Автобус хөдөлнө.

(2010.11.07)

No comments:

Post a Comment