Ариун, сайхан, бас холын хол

Бодлын үзүүрт хоёр туйл байх юм. Нэг нь шинэ, нөгөө нь хуучин. Аливаа зүйлийг бусадтай харьцуулан жиших амархан. Яг үүн шиг, яг түүн шиг, цэцэг шиг, сарнай шиг гэх мэт.
Түүний харц хүчтэй биш, дөлгөөн. Инээмсэглэл түүний хань биш. Нүүрэнд нь тодрох инээмсэглэл зүгээр л нүүрний хувирал. Гэхдээ тэр инээж чаддаг. Хувирлаар биш сэтгэлдээ инээмсэглэл, гуниг хоёрыг зэрэг мэдэрч чаддаг учраас энэ орон зайг тааварлахад хэцүү юм. Хэзээ ч огтлолцдоггүй хоёр зам бий. Гэхдээ зөрчилддөг. Бодит байдал хийгээд хязгааргүй дотоод орон зай энэ хоёр нь мөргөлддөг. Сурах, сурах, амьдрах, амьдрах, амтлах, мэдрэх, туулах. Хэрхэн, хэрхэн? Үүний эрэлд гарсан хайгуулчин. (2010.11.02)

...
Яг ийм л юм шиг. "Чи бид хоёрын чихний хэлбэр адил ч тархинд хүрдэг зам нэг юм байна, чи бид хоёрын бичгийн хэлбэр ялгаатай ч зорьдог зүйл нэг юм байна, чи бид хоёрын алхаа өөрч хэмнэл яг ижил юм байна". Гэхдээ хэн мэдэхэв. Миний яг чиний тухай илэрхийлэхийг хүсэж буй зүйлийг бүрэн илэрхийлж чадахгүй юм шиг санагдаад байх юм. Асуудлын гол нь би чамайг бодитоор огт харж байгаагүй, инээмсэглэл, яаж ярьдаг гэх мэт. Ерөнхий төрхийг чинь зурагнаас л харсан болохоор юу гэхээ сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ нэг үнэн байна. Хараагүй, мэдрээгүй ч гэсэн тархины судлаар, мэдрэмжийн судсаар бага ч болов мэдсэн мэдрэмж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл би энэ зүйлийг хад, чулуунд бичээгүй. Тиймээс чиний .. (2010.11.06

... 
Хараа муутай хүн орчноо тодруулан харах гэж шил зүүдэг шиг түүний нүдийг бүрхэх үл үзэгдэх шил энгийн зүйлийг ч уран төсөөлөлд оруулна, эсвэл алга болгоно. Энгийнээс урлагт, ахуйгаас урлагт, урлагаас ахуйд, энгийнд. Энгийн гэж яг ямар зүйлийг энгийн гээд байна вэ? Урлаг гэж юуг хэлээд байна вэ? Үйлээ үзэж хамаг хүч чадлаа шавхсан, ур чадвар, авьяас билэгийн туйлыг харуулсан зүйлийг урлаг гэх үү, юу гэх үү сайн мэдэхгүй юм. Маш сайн бүтээлч ажиллагаа, зарцуулсан цаг хугацааг нь үнэлж болох хэдий ч сэтгэл минь тийм зүйлийг зөвшөөрөхгүй, нулимана. Дотоод орон зай, сэтгэлгээ, сэтгэлгээнээс үүдэх хязгааргүйн тэр уудамын зүгээс ундран гарсан тэр л зүйлийг "энгийн", бас урлаг гэх байх. Бусдаас үнэлгээ авах гэсэн бус мэдрэмжээ илэрхийлэх гэж оролдсон оролдлого бүхэн энгийн, мөн урлагийн хэмжүүрт дөхөж очино гэдэгт итгэдэг. Түүний хувьд урлагийг ингэж үнэлдэг болов уу. Урлагийг амталж, идэж, үнэрлэж, сонсож, харж чаддаг харц хийгээд түүний цаана нуугдах сахилгагүй сэрэл хэр хүчтэй болоо?. (2010.11.04)

...
Хүнээс хүнийг бус, мэдрэмжийг юүлэх нь нэг төрлийн хулгай. Зөвтгөж болдог ганц хулгай бол хайр. Яагаад би дурлаа вэ, хайрлаа вэ гэж гасалдаг. Түүний хувьд? Магад сэтгэл гаргасан зүйл бүхэнд шимтдэг байх. Сэтгэл гаргасан зүйлийг хүсдэг учраас, өөрөө бас төдий хэмжээнд сэтгэлээ урсгах гэж хичээдэг, хүсдэг байх. Энэ нь өөрийгөө нэгэн төрлийн нөхөрсөг хавханд сэтгэл зүрхээ хийдэг. Эргээд энэ нь шийтгэл ч юм шиг, заавал ийм байх ёстой ч юм шиг өөрийг нь түгждэг. Ийм үедээ их бодно. Хүн хоорондын харьцаа ямар байх ёстой юм болоо? Юу юм болоо? гэх мэт. Эсвэл зүгээр л тасрахыг хичээнэ. Орчноос, бусдаас, өөрөөсөө. Энэ түүний ганцаардал. Олны дунд ч гэсэн ганцаардаж чадна. Тэр инээнэ, ярина, сонсоно. Хэлж боломгүй нэг зүйл нь юу гэхээр энэ хооронд тэр нисдэг. Хязгааргүй уудам, өөрийн нээлттэй хэрнээ харагддаггүй орон зайгаар бүхэлд нь хиснэ. (2010.11.09)

...
Эрэгтэй хүний нүдээр ажвал, хүсэл сонирхлын дурангаар ширтвэл, бүрэн нүцгэн хүслээр харвал?
Адгуу хүслээр түүнийг тэмтрэхийг хүснэ, хурьцахыг хүснэ. Шинэхэн, цэвэрхэн, тааламжтай. Яагаад ч юм түүний бэлхүүс, хөл хоёр нь төсөөлөгдөнө. Зөөлөн, өөрийгөө үргэлж нуух гар. Хүрч боломгүй, үнэрлэж боломгүй тийм л ариун цээж. "Норсон цамцаа хатааж дийлэх, халуун хүсэл түүнд бий ..." (Бичиглэл 207-оос) (2010.11.03)


...
Үр бүтээлтэй байдал, өндөр сэрэмжийг өөртөө чухалчилна. Сурах, сурах. Минийхээр:
Сурах, сурахгүй байх, мэдэх мэдэхгүй байх гэдэг 21-р зуунд хүн төрөлхтний хамгийн том оюуны шорон бололтой, энэ шоронгийн гадна амьдрах боломжгүй, заавал хоригдож байж л "энэ нийгэмд байх ёстой бүтээгдэхүүн нь байж чадна" (... нэгэн бичиглэлийн хэсгээс). Энэ шоронгийн сайн хүмүүжигч байхыг өөрөөсөө хүсэж, шаардаж байгаа нь сайшаалтай. Гэвч мэдлэг сохор учир хэт автвал "гэх мэт"-ийг мэдэх байхаа. (2010.11.13)

...
Уг нь чиний тухай л бичих ёстой юм яагаад ч юм өөрийн бодол санааг тулгасан ч юм шиг үгүй ч юм шиг нэг л эвлэхгүй юм. Хүн, хүнээ тодорхойлдог шиг "чи ухаантай, хөөрхөн, яагаад ч юм мэдэхгүй би чамд татагдаад, чи намайг ер нь юу гэж бодож байгаа вэ? Чи миний бодлоор миний мэдэх хамгийн сайхан эмэгтэй, Чи яагаад ч юм бусдаас өөр" гэх мэтээр аргацаасан, зусардсан, тал зассан зүйл бичмээргүй л. Хүнийг дүгнэж, үнэлнэ гэдэг амархан. Сайн бол сайн, муу бол муу. Яаж гэдгээ мэдэхгүй их ч удаан бодлоо. Чи яг ийм байх, тийм байх гэсэн таамаг, хийсвэрлэл байх уу, юу байх уу. Хэхэ. Золиг юм аа. Нэг үзээр хэлвэл "Чи бол нүх" гэвэл онох гээд байх шиг. Тааварлахын аргагүй, хязгааргүй гүн хар нүх. Яг л ертөнцийн "Хар нүх" шиг. Хэнд ч нээлттэй ил тод боловч, тод бус. Тод бус боловч эргэлзээтэй. Театрт хөгжмийн найруулга хийж буй, удирдаач шиг л. Чи юуг өгүүлнэ вэ? (2010.11.04)

No comments:

Post a Comment