Хүүхэд

Түс тас нүдээд л байх юм. Энэ чимээнээс болоод өглөө тайван хэвтэж чадахаа байлаа. Алгад гэж. Өглөөний 10 цаг 15 минут.

Есөн сар.
Маргааш болоход миний амьдралын бас нэгэн 9-н сарын 1-н. Хүүхэд байхдаа энэ өдөр болгон баяр хөөр, удаан хүлээсэн хүлээлтийн төгсгөл ирж байгаа мэт ер бусын мэдрэмж төрдөг байлаа. Хүүхэд насны төгсгөлөө үдэж байх тэр л жилүүдэд есөн сар болгон хэдийнээ сонин биш болчихсон байсанг өөрөө анзааралгүй явсаар тав, зургаа, долоо хэд ч юм бэ бүү мэд жил өдрүүд хөвөрчихсөн байх юм золиг гэж.

Намар. 
Энэ улирал гэхээр л завгүй их гуниг, цөхрөл, хагацал, хүлээлт гээд л хүмүүсийн төсөөлдөг төсөөлөл ихэнхдээ өөдрөг бус. Аливаа дурсамжийн нэгэн хэсэгт багтах намтар мэт, сэтгэл бүхэнд өөр өөрийн орон зайн түгшүүртэй хэдэн сар. Яагаад ч юм толгойд хүлээлт гэсэн үг л бууж ирээд байх юм. Намар болгон хүмүүс өөрөөсөө асуудаггүй ч гэсэн "юу болох болоо" гэсэн далд ухамсарт нь орших сэдлээр ямарваа нэгэн хүлээлтийн дунд оршдог мэт. Яг юу болох гээд байгаа юм болоо? Юу болохыг өөрөө мэдэхгүй ч тийм л нэгэн тогтвортой бус байдал. Эзэнгүй ямар нэгэн найдвар эсвэл цөхрөл, гуниг. Намар дуусахад бид байхгүй, өвөл дуусахад бид ургана, хавар дуусахад бид том болно, зун дуусахад бид өтөлнө. Байгалийн жам ёсны эргэлтийн яг энэ хэсэгт л бид хөгширч буйгаа илүү ихээр мэдэрдэг. Бодлоос урган гарах олон салаа мөчирийн эцэс төгсгөлгүйн дунд төөрчихдөг биз. Бид хүүхэд байхдаа л энэ улирал ямар гунигтайг мэддэггүй байжээ.

Навч. 
"Саглагар том модны доор түүнийг хүлээх зуур дурлалын оргилуун сэтгэлийн угаас ийм нэгэн дөрвөн мөрт ..." гэсэн үгсийг хүүхэд байхдаа хаана гэдгийг нь мартчихаж нэгэн модон дээр сийлсэнийг үсэглэн уншиж байснаа бүдүүн барагдуу мод харах болгонд санаанд буудаг. Дурласан тэр залуу, дурлуулсан тэр бүсгүй, уулзах цэг болсон тэр мод. "Саглагар" тэр модноос унасан том, том шарласан навчнуудыг хаман хармаагаа (карма?) дүүргээд, гэртээ орж ирэн хаалгаа хаасны дараа учиргүй их инээмсэглэл төрж билээ. Юунаас ч юм бүү мэд тэр л агшинд зүйрлэхийн аргагүй их гуниг төрөн нүдэнд нулимс дүүрээд ирж билээ. Дурлал гэж юу болохыг мэдэхгүй 7-хон настай жаахан хүү. Магад миний халаасанд байх навчсийн гуниг намайг хань татсан нь тэр биз. Тэдгээр навчийг их удаан хадгалж билээ. Одоо хаана, хаачисан гэдгийг санахгүй юм. Хаа нэг газар л үрэгдэж үгүй болоо биз дээ. Дурлалгүй гуниг гэж л тэр. Навчны талаар янз янзын бодол, төсөөлөл байдаг боловч одоо болтол надад яагаад тэгсэн юм болоо гээд учирыг нь олдоггүй энэ л хэсэг үнэтэй хэрнээ эргэлзээ дүүрэн.

Үүл.
Нэгэн намар. Би бас л хүүхэд байсан. Яагаад ч билээ намаржин, өвөлжин хичээлдээ явалгүй гэр эсбэл эмнэлэгт байсан шиг санагдана. Шүднээс л болоод тэр. Цонх бид хоёр тэгэхэд хамгийн дотно танилууд болж билээ. Өдрийн турш цонх бид хоёр. Хүмүүс гудамжаар нааш цааш алхана, ярилцана, сууна, зогсоно нэг л бүдэг. Ерээд оны манай хотын л амьдрал. Гудамж, талбай бүгд саарал. Гараа дээш өргөөд замын цагдаагийн зохицуулагч мэт цонхны наанаас явж буй улсыг удирдан, алхаж буй хүн бүрт зүг чигийг нь зааж өгөөд л. Бодож олсон боломжийн зугаа нь энэ байсан хэрэг. Орос урт пальто, улаан алаг ороолт, хазгай духдуулсан булган малгай зэрэг нь гуйвж дайвсан алхаатайгаа их дажгүй хосолсон тийм л. Аргагүй дээ. Эрх чөлөө юу хүснэ түүнийгээ л хийнэ гэсэн нэг хэсэг нь уяанаас алдуурсан ноход мэт авирлаж, хэсэг нь шоргоолз мэт хөдөлмөрлөнө. Шоргоолз гээд байгаа нь манай эх мэтийн хэсэг бусаг эмэгтэйчүүд л. Аав ирвэл "миний хүү" гэсэн хоосон үгнээс өөр зүйлгүй, ээж ирвэл "май миний хүү" гээд л. Жаахан хүүхдэд хоосон үгнээс илүү чухал нь хэн юу өгч байгаагаас хүнийг үнэлэх эхний үнэлэмж бий болдог гэж саяхан нэг сэтгүүл дээрээс уншсан. Санаа нийлчихмээр сайхан санаа биш ч гэлээ хэрэг дээрээ хүүхэд тийм л байдаг бололтой. Ийм л байсан тийм л байсан.

8-н "Ж". 
Ангийн хаалга онгорхой. Хичээлийн цаг нам гүм. Айлдвар бүрийг дэвтэр дээрээ тухлуулан байх ахуйд сэтгэл санаа тогтвортой бус. Юунаас юм бүү мэд. Сэтгэл санаа тэгсэн ингэсэн гээд бичиж байхыг бодоход, овоо том хүүхэд болсон байх үе гэсэн үг. 8-р анги. Жижүүр анги гэж зүдэргээтэй албаданг хийж яваа нэгэн охин ангийн онгорхой хаалганы дэргэдүүр. Цаана нь сургуулын хоридорын (к?) цагаан хөшигтэй цонхны цаанаас өглөөний сэрж амжаагүй нарны туяа. Мэдээж тэр цонхны цаанаас тусаад байгаа туяа нь түүний царайг гэрэлтүүлэн, зүйрлэхийн аргагүй үзэсгэлэн гоог улам нэмьюү. Бусдаас ялгарах юмгүй цагаан цамц, хар юбка, хар дирко?, хар ботинк? нь зөвхөн түүнийх мэт. Яг энэ намрын энэ л мөч миний амьдралын хоёр жилийн утга учир болно гэж даанч санаагүй. Байж болох хамаг нандин бүхнээ үрдээ гэдэг шиг түүний төлөө би цохилж байлаа. Тэр хүлээж аваагүй миний мэрийлтийг, би ойлгуулж чадаагүй гээд уйтгартай төгсгөл хэдий ч одоо бодоход бүхий л тансаг мэдрэмж тэр үед байсан мэт. Одоо, эмэгтэй хүнийг өөр нүдээр харах болжээ.

Цонх.
Маш их бороо ороод өдөржин бүрхэг. Гэр сэрүүхэн. Ханиад хүрэх гээд ч байгаа юм шиг хамар жих жүх сонин. Баримлын шавраар хийсэн амьдтын ертөнцөө хэсэг харж сууснаа босон гал тогооны цонхон дээр очин зогслоо. Цэцэрлэгийн ангийн нэг охин цонхны доогуур алхаж явна. Цонхны "поорчигоо" онгойлгон "Хөөе Чимэгээ" гэж орилож байгаад цонхны тавцан дээрээс халитаран унах зуур цонхны түгжээнд цамц маань гогдон өлгөгдчихлөө. Ганцаараа байсан учир гэртээ хүн иртэл өлгөөтэй байж билээ. Яасан ч бөх цамц байсан юм. Өлгөгдчихсөн байж байхдаа эхлээд мултрах гэж хэсэг оролдоод бүтэхгүй болохоор нь хэсэг унтлаа, хэсэг дуу дууллаа, хэсэг цэцэрлэгт заасан шүлэг, үлгэрээ өөр өөртэйгээ ярьж байснаа ерөөс мартдаггүй. Бас л намар байсан.
...

"Намар үлдсэн дурсамж хэзээ ч бүдгэрдэггүй" гэж үнэн. Зарим нэг зүйлээ санан суух энэ өдрийн турш яасан ч их зүйл намар өрнөснийг өөрөө мэдэлгүй явсаар 25 хүрэх гэж байна шүү дээ. Оройны 19 цаг 33 минут.

(2010.08.31)

3 comments:

  1. buh tsamts.nd bayrlalaa :)
    namar yag hezee ch yavuulmaargui zochin shig namar yag namaig uiluulah ged bga yum shig namar yag nasaaraa hamt yum shig hernee yavchihdag tuun shig l yumuu..

    ReplyDelete
  2. Why Bet365 Is Better Than Bet365 - FEBCasino
    One thing to note though is that you can 온카지노 place bets on the bookmakers that are 바카라 licensed and regulated by the หารายได้เสริม Gambling Commission (GCC).

    ReplyDelete
  3. How to login into the casino in 2021
    Here https://vannienailor4166blog.blogspot.com/ is how to do this: febcasino Step 1. Go to the septcasino.com website. · Click on the “Login” link on the right-hand side. · https://jancasino.com/review/merit-casino/ Click on the “Login” button to enter a live chat number. · Enter the งานออนไลน์

    ReplyDelete