Бид гурав хүлээсэн, чи ирээгүй …

Надад ямар ч хүч алга ...
Гар, хөл гээд бүх л бие сул. Чи, зөвшөөрөлгүй орж ирсэн. Эзэн нь мэт авирлаж байгаад ирсэн шигээ асуулгүй явсан. Агаарт үүлс хөвнө. Замбараагүй, эгэл бус. 

Модон хүрээтэй цонх, хана түшүүлсэн яажгий ширээ, хэмхэрхий сандал, хагархай аяга, асгарсан ус, хууларч муудсан ханын цаас, энд тэндгүй наасан чиний зурагнууд, будаг нь халцарсан модон шал, олон янзын толботой, бохирдож хуучирсан буйдан, газар унасан цэцгийн сав хагараагүй, цэцэггүй, бусад. Одоо бүх зүйл шатаж байна. Удахгүй би ч шатна ...

Буйдан. Улаан хүрэн өнгө нь түүний нарийн цагаан гар, хөл, бэлхүүс, цээжийг улам тодруулна. Улбар өнгийн бүтээлэг нүцгэн биеийг нь алаг цоог бүрхэнэ. Өөгүй зөөлөн, булбарай. Бид хоёул ар араасаа тэврэлдэн түүн дээр багтдаг. Заримдаа хөлөө ачиж суунгаа тамхилах дуртай. Чи бид халамцуу заримдаа. Тамхины цогоор түлчихдэг, тоомжиргүй инээлдэнэ. Утаагаа үлээх зуураа надруу мишээнэ. Үзэсгэлэн. Чиний хажууд хамт суудагсан. Зөөлнөөр түүний хуруу үсэнд шигдэн орж, илнэ. Мөр, хүзүүг нь зөөлөн үнсэнэ миний уруул. Нүдээ анин хэсэг тэвэрдэгсэн. Чи санаа алдана. Би бодно бүгдийг. Чиний хүслийн гал олон удаа унтарсан энэ буйдан дээр. Түймрийн дуудлага авсан гал унтраагч шиг би шургуй байсан. Хяхтнан дуугарна, пүрш нь ижил бус даралтаар хэлбэлзэнэ, чиний, миний хөлс нэвчинэ. Дээш тааз харан ширтэцгээнэ. Ор байгаагүй ...

Ширээ. Чиний, миний утас хамтдаа. Цэцгийн сав. Ирэх болгондоо шинэ цэцэг авчирдаг. Ихэвчлэн шар, цагаан өнгийн цэцэгс. Өвдөгөө нугалан суугаад ширээний тавцанг хажуугаас нь харан тогтсон тоосон дээр нь баруун гарынх нь долоовор хуруу аажуу тэнүүчлэнэ. Тал зүрх дүрслэн намайг харцаараа инээвхийлэн дуудна. Тавцангийн араас түүний нүд л цухуйна. Нөгөө талд нь би өвдөглөн суугаад аппаратныхаа дурангаар удаан ширтэнэ. Тэр инээмсэглэнэ. Би түүнээс харцаа салгалгүйгээр нөгөө талыг нь зурна. Зүрхний хоёр үзүүр нийлж байгаагүй. Нэг өдөр чи маш их уурласан. Маргасан. Чи хөл нүцгэн, намайг аргадах гэхэд дургүйцэн хойш ухрахдаа ширээний хөлөнд өсгийгөө цохисон. Шалбарсан. Эвдэрхий ширээ маань нурсан. Дээр нь байсан ном унахад түүнийг аван надруу шидсэн. Би бултаж, цонх хагарсан. Чи өсгийгөө барин суугаад уйлсан. Намайг ойртуулаагүй. Нэгэн шинэ жилийн орой би чамайг тэврэн ширээн дээр өргөж суулгасан. Чиний даашинзыг би сөхсөн, миний тэлээг чи тайлсан. Өмнө нь хугарсан ширээний хөл дахин хугарсан. Бид цочсон, дараа нь хөхрөлдсөн, үргэлжлүүлэн шалан дээр хэвтсэн. Удалгүй он солигдсон ...

Зураг. Төгөлд, орцонд, дээвэр дээр, тагт, гүүр, нуранги, бохирдсон буйдан, сандал, цэцгийн сав, цэцэгтэй. Өнгө, чи бид хоёрын жийнснийхтэй яг тохирсон. Бас чиний хүрэн цамц, миний байнга өмсөх саарал малгайтай цамц. Хором мөч бүхнийг буулгах товчлуур зөөлөн дарагддаг байсан, одоо үгүй. Гэгээтэй байсан намар бүхэн, дулаахан, бээлийгүй, миний халаасанд шигдэх хүйтэн гар. Инээсэн, ширтсэн, санасан, мишээсэн, гүн, агуу. Гараа алдлан тэнгэр өөд тэмлүүлнэ, би чамайг харна. Аппаратны дурангийн өмнө эгэл хэрнээ онцгой. Чи тоодоггүйсэн. Бороотой байдаг заримдаа, чи шүхэргүй, бид уулзана. Мартахгүй. Бүдэгхэн саарал хэрнээ тод байсан, одоо бүрхэг. Дурангаар чамайг ажиглахад ...

Цонх. Том алчуураар биеэ ороосон, нойтон үснээс нь ганц нэг дусал шалан дээр. Баруун гараараа элгээ тэврэн, зүүн гартаа тамхиа суунаглуулан, эрхий хуруугаараа хацраа зөөлөн шүргүүлнэ. Тамхины утаа дурамжхан цонхоор юүлэгдэж, хотын чимээ түрэмгийлэн өрөөнд түгнэ. Ширтэнэ гудамжийг. Гүн бодлын хэсэгхэн мананд тэрээр энэ хорвоо ертөнцөөс тасардагсан. Би нойрмогхон. Нүдээ хагас нээн түүнийг харан хэвтдэг. Цонхны хүрээ, цаанаас тусах гэгээнд тэр сүүдэртэн бүрхэг. Би ирэхдээ цонх өөд харна. Тэр намайг харан зогсдог. Гараараа даллахад инээмсэглэнэ. Араас нь очиж тэврээд модон хүрээ, зэгэлтсэн шилтэй тэр л үүдээр хамтдаа харцаараа аялана. Хоёул бодолд автана. Санаа алддаг тэр. Будаг нь хуулараад өнгө алдсан байсан. Нэг өдөр тэр цагаан будгаар будсан. Шилний доод хэсэгт “мартахгүй” гэж бийрээр бичсэн. Удалгүй хагарсан. Шинэ шил өрөөг гэгээ оруулсан. Өрөө хуучирсан, үзэмж муу, тоос дарчихсан тийм л ...

Цэцгийн сав өдөр болгон хоосон байх болсон. Хамгийн сүүлд хийсэн цэцэг хатсан, хаягдсан. Өглөө, өдөр, орой, шөнө болгон буйдан, цонх, бид гурав чамайг хүлээнэ. Нүдээ анин харилцуурын нөгөө үзүүр хүртэл түүнийг ятгана. Хариу үгүй ... Бүгд шатсан.

...

9-н сартай, урт хүрэм, гар цүнх. Такси ирсэн. Аажуу буун цонх өөд харсан. Шинэхэн. Шатаар дээш өгсөхөд дотор нь чичирэв. Амьсгаадсан. Түлхүүр таарсангүй. Тогшив, эзэнгүй. “Бид хоёр ирлээ, чи байсангүй” гэсэн зурвас хаалган доогуур ... Такси хүлээв.

(2007. 2010.11.28)

1 comment:

  1. yoooy laag goy bichdim bn shd cool tuhtai sujagaad unshmar bolov ....

    ReplyDelete